

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Олон улсын эмнэл зүйн хор судлалын зөвлөх, доктор Линн Кристина болон доктор Жон Дэвид нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат болон эмч, мэргэжилтнүүд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар мэргэжлээс шалтгаалсан хордлогын өвчлөлийг бүртгэх, хянах журам тогтолцоог сайжруулах, хордлогын эмч бэлтгэх, Филиппин улсын хордлогын төвтэй хамтран ажиллах талаар санал солилцсон.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас нөхцөл байдалтай уялдуулан олон улсын эмнэл зүйн хор судлалын зөвлөхүүдээс туслалцаа авахаар хүсэлт хүргүүлсний дагуу доктор Линн Кристина болон доктор Жон Дэвид нар 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс манай улсад ажиллаж байна. Ингэхдээ угаарын хийн хордлогын нөхцөл байдлыг судалж, зөвлөн туслах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.