Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэх сургалт боллоо

2023-10-05 219

Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын 2023 оны 199/А/117 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАР, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ” гурван сарын аян үргэлжилж байна.

Аяны хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдаж буй “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны барилгын талбайд шинээр нэвтрүүлж буй тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сайн туршлагыг танилцуулах үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Үзүүлэх сургалтад Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн удирдлага бусад албаны хүмүүс оролцлоо.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Бид аюулгүй байдлаа хангах талаар ярьдаг ч хэрэгжүүлж байгаа нь цөөхөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, журам стандартыг мөрдөх, ХАБЭА-н зардлыг оновчтой зарцуулдаг зэрэг ажлыг үр дүнтэй болгохын тулд энэхүү аяныг зохион байгуулж байна. ХАБЭА-н зардлыг компаниуд гаргахгүй байна, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангахгүй байна, тухайн ажилчид өөрсдөө хамгаалалтын хувцас хэрэгслэлээ бүрэн гүйцэт өмсөхгүй байна. Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь чухал байна. Нэмээд барилгын компаниудад хамгаалалтын хаалт тавих мэдэгдлийг хүргүүлнэ. Барилгын компаниудад тусгай зөвшөөрлийг олгохдоо санхүүгийн чадавхыг нь харах нь чухал юм” гэдгийг онцолсон.

Сургалтаар барилгын салбарт шинээр нэвтэрч буй “Хөдөлгөөнт барилгын түр шат ПАЖИА-г ашиглалт, угсралтыг танилцуулах”, “Өндрийн бүс хэрэглэх аргачлал, өндрөөс аврах ажиллагаа”, “Барилга байгууламжийн угсралтын үеийн галын аюулгүй байдлыг хангах” зэрэг үзүүлэх сургалтыг явууллаа.

Аяны хүрээнд Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай бусад холбогдох хууль, норм норматив, стандартыг мөрдүүлж хэрэгжүүлэх, хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулж, барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг хангуулах чиглэлээр Улсын хэмжээнд үзүүлэх дадлага сургуулилт хийж, үе шаттай, эрчимжүүлсэн сургалтуудыг зохион байгуулах юм.

Монгол Улсын хэмжээнд 2018-2022 онуудад хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа амь нас үрэгдсэн 213, хүнд гэмтсэн 765, хөнгөн гэмтсэн 646, нийт 1624 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдэж, нийт осолдогчийн 13.1 хувь нь нас барсан харамсалтай тоо мэдээ байна.

2023 оны 3 дугаар улирлын байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 144 тохиолдол бүтгэгдсэнээс барилгын салбар 10 гаруй хувийг эзэлж байна.

Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг ханган ажиллах 15 норм, нормативын баримт бичиг, 80 гаруй стандартуудыг салбарын яам боловсруулснаас гадна Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенчид нэгдэн орж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Холбоотой мэдээ

ХАБЭА-н СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй

2023-12-01

Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэх сургалт боллоо

Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын 2023 оны 199/А/117 ду

2023-10-05

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫГ ХОЁР ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

-2022 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 395 тохиолдол бүртгэгдсэн- Хөдөлмөр, нийгмийн хамгаалл

2023-05-18

© 2023 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.