






Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд барилгын салбарын ажил олгогч нарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбат, тус яамны Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 100 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Сургалтын үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат хэлсэн үгэндээ “2009 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо байгуулагдаж, өнөөдөр аймаг, нийслэл, дүүрэг, салбарын яамдад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, зөвлөл ажиллаж, орон нутаг, салбарын түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг, сурталчилгаа хийх, иргэдэд аюул, ослоос сэрэмжлүүлэх энгийн дадал олгох зэрэг олон хэлбэрийн арга хэмжээг зохион байгуулах нь бидний ажлын гол зорилго юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг мөрдөж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр ашигтай хэрэгжүүлснээр иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах улмаар айл гэр бүлийн амьдралын чанар, аж ахуйн нэгж, байгууллагын ашиг орлогод нөлөөлөхүйц онцгой арга хэмжээ” гэдгийг онцолсон.
Энэ удаагийн сургалтаар Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, Зураг төсөл боловсруулалт, чанар, Барилгын угсралтын үеийн чанарын менежмент, Аюултай тохиолдлын менежмент, Барилгын салбарт гарч буй зөрчил, цаашид авах арга хэмжээ, Барилга байгууламжийн геодезийн ажил, Өргөх байгууламжийн техникийн аюулгүй ашиглалт зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, хэлэлцэв.
Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ихэнх аж ахуйн нэгж, байгууллага, компаниуд ХАБЭА-н хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлдэггүй, ХАБЭА-н ажилтан, алба, хэлтсийг зохих орон тоогоор ажиллуулдаггүй, орон тооны тогтвортой ажилчид байхгүй, олон чиглэлээр түр зуурын туслан гүйцэтгэгч авч ажиллуулдаг, ХАБЭА-н арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө зардал гаргадаггүй, ХАБЭА-н менежмент нэвтрүүлээгүй зэрэг нь энэ салбарт үйлдвэрлэлийн осол гарах, улмаар ажилтны амь нас, эрүүл мэнд хохирох үндсэн шалтгаан болж буй асуудал мөн хөндөгдлөө