
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабатаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дархан-Уул, Орхон аймагт тус тус ажиллалаа. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Энхболд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажил болоод “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2022” арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан үр дүнтэй ажлуудын талаар танилцуулав. Тус газрын зүгээс ажил олгогч болон сумдын ХАБЭА-н салбар зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах, сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүдэд ХАБЭА-н талаарх мэдлэгийг олгох зорилготой зарим нэг сургалтыг амжилттай явуулсан байна. Түүнчлэн ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх чиглэлд үр дүнтэй нэлээдгүй ажлыг зохион байгуулснаа онцлон хэлсэн. Мөн 2023 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд төлөвлөгөө гарган хамтран ажиллах талаар санал солилцсон.
Орхон аймгийн ХАБЭА-н зөвлөл шилдгээр шалгарлаа
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2022” арга хэмжээний хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шилдэг зөвлөл” шалгаруулах уралдааныг 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулсан. Үүнээс Орхон аймгийн ХАБЭА-н зөвлөл шилдгээр шалгарсан юм. Шилдэг зөвлөлийн шагналыг Орхон аймгийн Засаг даргын орлогч, ХАБЭЭ-н салбар зөвлөлийн дарга А.Түвшинжаргалд гардуулав.
Уралдааныг ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийн мэргэшиж чадавхижсан байдал, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулсан, хяналт тавьж ажилласан байдал, ХАБЭА-н зөвлөлийн сургах, мэргэшүүлэх, чадавхижуулахад шаардлагатай зардлыг төсөвтөө байнга тусгаж хэрэгжүүлсэн, харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний судалгаа мэдээллийн сан бүрдүүлэлт, судалгааны дүнг ХАБЭА-н бодлого шийдвэрт ашигладаг зэрэг бусад шалгуур үзүүлэлтийг үндэслэн шалгаруулалтыг явуулсан.
Уралдааныг аймаг, дүүргийн ХАБЭА-н зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний сайн туршлага санал санаачлагыг дэмжих, түгээх урамшуулах зорилготой зохион байгуулсан.


